Monday, June 29, 2015

Гүнжийн нулимс
      Нимгэн уруул аядуухан үнсэх шиг гэгээвчээр наран авхайн элч гэрэл нүүрэн дээр тусаж сэрээв. Ээн тусах гэрэлд зовхио алгуурханаар нээж, нүдээ дасгах гэж ганц хоёр анивхийллээ. Гэгээвч рүү харц тогтооход өнгө үзэмж, үнэр, билэгдэлээрээ өөр бусадтайгаа ижилсэхгүй олон  цэцгээс “Гүнжийн нулимс”  минь нэг л ер бусын гоёмсог.
Нэр шигээ турьхан иш, мөчир, нимгэхэн зууван навч, үл мэдэг тансаг үнэр, хүрэх төдийд л тасран унах эмзэгхэн хос ягаан цомирлогоо дэлгэсэн байх нь түүний төгс оршихуй гэлтэй.
       Мэдэхгүй хүн харвал “Хонхон цэцэг”  гэмээр. Дусал хэлбэртэй ургасан цэцэг нь гадуураа дэрвийсэн даашинз өмсчихсөн юм шиг ялдам ягаан дэлбээтэй. Дотор нь бас нил ягаан өнгийн дэлбээнүүд бий, түүн дундаас нь урт урт дохиур унжина. Хариугүй турьхан иш нь цомирлогоо даахтай үгүйтэй харагддаг. Элдэв чимэггүй ваарандаа “Гүнжийн нулимс”  гурван хаврыг үзжээ. Энэ цэцэг надад ирсэн түүх ийм...

   

Өсвөр насны охины ааш шиг хаврын гэгэлзсэн өдрүүдийн нэг юм. Анхны болзоо биш ч битүүхэн догдолсоор ганц хоёр дуслах борооноор болзоот хөвгүүнтэйгээ  уулзлаа. Хүү өөдөөс зоримог гэхчин алхаж байснаа яг урд ирээд ичэнгүйрч, шилэн хүзүүгээ илж мишээнэ зогссоно. Би хариу жуумалзан мишээгээд баруун гараа өгөн мэндлэхдээ, гараа ардаа нуусныг сая л анзаарав. “Надад ямар нэгэн зүйл өгөх гэж авчирсан бололтой. Чихмэл... арай биш байх нурууныхан нь араас илүү гарж харагдахгүй байна. Цэцэг байх нь... Яг кинон дээр гардаг шиг  баглаа цэцгийг энгэртээ наан үнэрлээд, зөөлхөн мишээж,  баярлалаа гээд үнсэх хэрэгтэй.” Хүүг ардаа нуусан зүйлээ гаргаж өгөх гэж ядаж байх хооронд ийм зүйлүүдийг бодоод амжлаа. Үнэхээр  тэр надад цэцэгтэй ирж. Гэхдээ төсөөлсөн шиг тэвэр дүүрэн, чамин баглаа боодол, туузтай цэцэг биш жижигхэн хуван саванд суулгасан төө хүрэхтэй үгүйтэй тасалгааны цэцэг. Алгаа дэлгэж, хоёр гараараа хавсарч аваад, өөрийгөө хүчлэн байж мишээж, баярласан, талархсан болов. Яаж ч нуугаад сэтгэл хөдлөл минь алган дээрээ тавиад харж болохоор тийм илхэн байсан биз. Урамгүйхэн байгааг минь мэдсэн үү “ Би анх удаа л охинд цэцэг өгч байна. Чамайг цэцэг тарьдгийг чинь мэдэх болохоор амьгүй цэцэг өгвөл таалагдахгүй байх гэж бодоод, бас нэр нь яг чам шиг санагдаад энийг авсан юм. “гээд давхараатай тогтуун бор нүдээрээ удаан ширтэж билээ.
    Түүнээс хойш бид хааяа нэг уулзсаар зуны эхэн сар дундаа орлоо. Өнөөх хүүгийн сургуул нь амраад хөдөө гэр рүүгээ явахын алдад “Гүнжийн нулимс”  жижигхэн хос цомирлогтой болов. Би арай томхон цагаан вааранд цэцгээ шилжүүлж суулгаад зуны гурван сарыг арчилж тордсоор, хүүг хүлээсээр өнгөрөөлөө. Хүүгийн миний зүрхэнд үлдээсэн хайрын бяцхан үр услаж тордохгүй ч  ургаж нахиалсаар байсан нь сонин.Төө хэрээтэй ирж байсан “Гүнжийн нулимс” намар хүүг ирэхэд цагаан вааран нь багадчихсан байлаа.

    “Гүнжийн нулимс” гээд нэрнээсээ л танхи сонсогдох энэ цэцгийг мөн “Ялдам” гэх нь бий. Яагаад ингэж нэрлэдгийг нь мэдэхгүй ч аль аль нэр яг оносон юм шиг. Үргэлж хосоороо цэцэглэдэг энэ цэцгийг үерхэл хайрын билэгдэлтэй гэдгийг  тэр хүү надад мэдээд өгсөн үгүйг нь мэдэхгүй юм. 

No comments:

Post a Comment