Sunday, June 7, 2015



Улаан захиа
      
Зун хичээл сургууль амарчихаар сумын төвд хүний хөл шингэрээд, худаг руу хааяа даа зүглэх усны тэрэг, хоосон сав хоёрын түжигнэх дуунаас бусдаар чимээ аниргүй болчихно. Хамт тоглох хүүхдийн хүслэн болж ийш, тийш харан довжоон дээрээ нарлан суух тэр үе миний тэвчээрийг бардаг ганц зүйл байлаа.

    
“Шил авна” энэ дуунаар нэг сэхээ авч гэртээ цуглуулсан хэдэн ундааны шилээ унагааж, хагалчихгүйхэн шиг тушаах гээд эвлэгхээн нэг нэгээр нь шахуу гаргаж ирээд довжоон дээрээ өрнө. Томоо гэгч даавуун шуудай мөрөлсөн, цэвэрхэн цагаан цамцныхаа товчийг нэг бүрчлэн товчилж, “сетикэн шелеп” –ээ тэгшхэн духдуулан тавьсан өндөр шар ах миний шилнүүдийг инээмсэглэн шуудайлаад хоёр гурван зайрмагны мөнгө өгдөгсөн. Уг нь миний тушаасан шилийг ангилж, ялгавал нэг зайрмагны мөнгө хүрэхтэй, үгүйтэй болохоор...

   Яг түүн шиг  манай сумыг долоо хоногт хэдэнтэй тойрч, сурагчийн амралтын уйтгарыг үргээж өгдөг хүн бол сумын шуудан ч. Томоо гэгч нь хуучин цэргийн үүргэвч үүрсэн, тэр нь бүр гандаж хуучирсан шууданч ах айл болгоноор орж сонин хэвлэл, захиа, цахилгааныг нэг бүрчилэн тарааж өгдөг байлаа. Тэр бас сагстай дугуйныхаа хонхыг хангинуулан явдаг нь чихэнд нэн сонсголонтой, яг л мөнгөн хонх шиг. Шуудан ч манай  сонинг  өгөхөөр долоо хоногт хоёр удаа ирнэ. Тэгэхэд харин шинэ хэвлэлийн зэрэгцээ улаан , цагаан, цэнхэр хосолсон хүрээтэй  дугтуйг  аав, ээждээ өгөөрэй гээд үлдээлээ.

     Дээр нь хөх яргуйны зурагтай марк наасан тэр дугтуйг задалж үзэх хүсэл намайг гишигдээд байх. Тэсэлгүй нээгээд үзчихэв. Сургуульд сурсны хэрэг гарлаа. Тэр захиа Эрхүүд сурдаг ээжийн дүүгээс иржээ. Гэрээсээ хол сурдаг оюутан эгчийн маань бүх зүйл сайн гэснээ араас нь хүсэх гуйх зүйлсээ жагсаан бичсэн байна. Хамгийн сүүлд “ Хөөрхөн дүүг минь миний өмнөөс үнсээрэй” гээд улаан уруулын хээ үлдээжээ.

     Бичиг цаасанд зөвшөөрөлгүй хүрэхийг хориглодог гэрийн дотоод дүрмийг сониучаасаа болоод нэг удаа зөрчсөн минь энэ.Ээжийг захиа уншиж дуусаад хацрыг минт хоёр талаас нь шахаж байгаад чанга гэгч нь үнсдэгийн учрийг тэгж л ойлгосон юм. 

No comments:

Post a Comment