Thursday, June 4, 2015

Хайрын хал
   
Хэтийдсэн мэдрэмжээ хүн илэрхийлж чаддаггүй юм шиг байгаа юм. Их уй гуниг, аз жаргалын үед бид юу хийх, яах аа мэдэх ээ байдаг. Үүний адил би нэг хүнд хайраа яаж илэрхийлэх аргаа  олдоггүй юм.
Хайр гэдэг ерөөс нүдэнд харагдаж, гарт баригдаж, чихэнд сонсогдохгүй ч хэзээд оршдог асар их энергийн бөөгнөрөл. Энэ энергийг бид гадагшлуулахдаа халамж, энхрийлэлээр илэрхийлдэг.
     Хаанаас нь энэ их хайр гардаг байнаа гэмээр тийм их халамжийг надад  хором , мөч бүрт мэдрүүлдэг хүн бол миний ээж.  Алдаа, онооны минь алийг нь ч ялгалгүй өөртөө тусгаж , сэтгэлээ чилээж миний төлөө амьдардаг хүн. Есөн сар хэвлийдээ, дараа нь гурван жил гар дээрээ, тэгээд насан туршдаа сэтгэлдээ тээж яваа энэ хүний талаар бичье, ярья гэхлээр юм орж ирдэггүй нь сонин. Уул нь энэ хүн бол миний хамгийн сайн мэдэх, ярих сэдэв баймаар.
    Эхийн сэтгэл бурханы мөн чанар гэдэг. Хэний ч ижий ялгаа үгүй бурханаас ч гарахааргүй чин сэтгэлийг үрдээ зориулдаг. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрхээр зүй ёсны тэнцвэр алдагддаг тул хайр ихдэхээрээ халтай. Хайр зөвхөн энхрийлэлээр илэрхийлэгддэггүй. Хатуу ширүүн үг, үйлдлээр ч илэрх нь бий.  Энэ ч бас эхийн хайр. Үргэлж ээжээсээ халамжлал, магтаал хүртдэг бидэнд хатуу үгс нь  хорвоо бүхлээрээ нүүр буруулсан шиг санагдана. Гэвч хэзээ ч эх хүн хүүхдээсээ нүүр буруулдаггүй. Алдаа , оноог  нь тэгшитгэх гэж л өөрийгөө хүчлэн хатуурхдаг. Эхийн хайрын хал нь хүртэл сайныг дагуулдаг.
    Дээр хэлсэнчилэн хайр бол энергийн бөөгнөрөл. Энерги хадгалагдах хууль ёсоор хайр  дуусаж, устаж үгүй болохгүй харин нэгээс нөгөөд шилжиж хувирна. Эхийн хайр шиг үнэн, мөнх зүйл үгүй. Юуг хайр гэх вэ?  Гэвэл эхийн сэтгэлийг л хэлнэ.


No comments:

Post a Comment