Wednesday, April 22, 2015

Сурвалжилга
Төмөрлөг нийгмийг бүсгүйчүүд бид л зөөллөнө
     Намрын адаг сарын 22 буюу бурхан багш “Эхийнхээ ачийг хариулсан” Их дүйчин өдөрт зориулан Их Майдар төслөөс залууст эх үрийн нандин холбоо, гэр бүлийн халуун дотно харилцааг төлөвшүүлэх, аав ээжийн ачлал, энэрэн хайрлахуйн тухай цуврал лекцийг үнэ төлбөргүйгээр хүргэж, “1000 ээжийг баярлуулах 1000 захиа аян” –ыг зохиолоо.
   11 сарын 8-ны өдөр МУСГЗ, яруу найрагч Цоодолын Хулан “Бүсгүй хүн бүр Дарь-эхийн бүрэлбаа” сэдвээр Их майдар төслийн мэдээллийн төвд  14 цагаас лекц уншина гэсэн мэдээллийн дагуу очиж сурвалжлага бэлтгэсэнээ уншигчдадаа хүргэе!
     Их хааны талбай дахь “Майдарын босго” хэмээх танхимын үүдийг татмагц гандан, хийдэд орсон юм шиг арц, хүжийн анхилуун үнэр ханхалж, нүүр дүүрэн инээмсэглэсэн хоёр залуу бүсгүй угтав. 14 цаг гэхэд танхим олбог дээр тухлан суусан бүсгүйчүүдээр дүүрчихлээ. Ээжийгээ даган ирсэн жаалхан охидоос, эрхээ эргүүлсэн эмээ нар хүртэл энд цуглажээ. Хаа нэг эрэгтэй хүн харагдах нь содон.
   “Цаг гозойж байхад би дургүй” гэж шүлэглэсэн яруу найрагч хатагтай цагаасаа 40-өөд хормоор хоцорч танхимд орж ирлээ. Цагаасаа өмнө ирээд хүлээж, чилсэн үзэгчид түүнийг хараад  ихэд баярлаж, танхимын хойморт зассан жижигхэн чамин ширээнд хүртэл халуун алга ташилтаар угтав.     
     Гаднаас их л амьсгаатай орж ирсэн тэрээр цүнхнээсээ хэд хэдэн хуудас гаргаад, “Энэ олон цаасыг хараад дэндүү их юм ярих нь гэж бүү эмээгээрэй”  хэмээн хөнгөхөн хошигнолоор яриагаа эхлүүллээ. Лекцэндээ их сэтгэл гаргаж бэлдсэн бололтой. Цагаан дарь эхийн зүрхэн тарнийг цээжээрээ уншсанд сонсогчид гайхшрав. Миний хувьд ч түүнийг Бурханы шашны үнэн сүсэгтэн гэдгийг тэнд очоод л мэдсэн юм.
    Зон олон зовлон тийш яарна. Зовлон тийш зүглэхдээ бурхан тийш тэмүүлнэ гэдэг шиг бид өвчин зовлонгийн үед ээж рүүгээ тэмүүлдэг нь учиртай юм.  Эхийн сэтгэл гэдэг бурханы мөн чанар.  Бүсгүй  хүн үрээрээ дамжуулж бурханы шинжийг олдог гэсэн яруу, утга гүн үгсээр лекцээ хүргэсэн. Хүмүүс ямар нэгэн зүйлийг дотроо эргэцүүлэн сууж танхимд  нэг хэсэгтээ чимээ аниргүй боллоо. Гэнэтхэн яруу найрагч хатагтайн эрс зоримог хоолой тэднийг цочоов.
                                                          Би цагаан дарь эх болно
Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрс
эн юм шиг тунгалагхан гэж хорвоог би санасан юм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ач
ладаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс
, үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгдаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
гээд "Болор цом 28" наадмын тэргүүн байрт шалгарсан шүлгээ
уншсан юм. Үүний дараагаар “Өлгийтэй майдар миний өвөр дээр үнэгчилнэ” шүлгээ сонордуулаад үзэгчидтэй яриа өрнүүлж лекц  бүхэлдээ цаг гаран үргэлжлэв. Хатагтайг гарахын алдад зарим зүйлийн талаар ярилцлалаа.
-          Таныхаар эмэгтэй хүний үнэт зүйл, эрхэм чанар юу вэ?
-          Үнэт зүйл нь үр хүүхэд байдаг. Бусдын үрийг өөрийн үр шиг хайрлах нь эрхэм чанар юм. Бусдын үр гэдэгт араатан амьтан, ургамал цөм багтана.
-          Амьдралын мөн чанар, аз жаргал бурханаас заяасан байдаг уу?
-          Бидний амьдрал бодол санааны үр байдаг. Юуг таашааж, юуг бодож, үйлдэж байгаагаас л хүн бүрийн хүрээлэх орчин нь бүрддэг.
-          Эх хүн, эгч хүний хувьд залуу бүсгүйчүүддээ зөвлөгөө өгөөч?
-          Энэ төмөрлөг нийгмийг эмэгтэйчүүд бид л зөөллөх ёстой. Зөөлөн байна гэдэг аливаад эрүүл саруул сэтгэлээр хандаж нийгэмдээ эерэгээр нөлөөлөх явдал билээ. Эмэгтэй хүнд атаач зан төрөлхөөс заяасан байдаг юм шиг ээ. Энэ л бидний сул тал. Атаа жөтөөг тэвчиж, хар муу санааг агуулахгүй, бодлоо цэвэрлэж байх хэрэгтэй.  Бусдын сайн  сайхныг даган баяс. Хүний сайхан чанарыг олж харснаараа тэр сайхан нь чамд  ч бас оршиж байдаг. 
    Лекцийн дараа бүгд дор дороо чимээгүй сууж ээждээ захиа бичлээ. Энэ бичсэн захиа өөрийн ээжид нь очихгүй байж мэднэ. 11 сарын 13-ны өдөр эдгээр захиаг төслийн хамт олон гадуур явж ээжүүдэд өгөх юм.
 Захиа бичиж байсан Этүгэн дээд сургуулийн 2-р дамжааны оюутан Б.Мягмарнаран:
      Танхимын бараг тэн хагасыг манай сургуулийн оюутнууд дүүргэж байна. Ирээдүйд бид эмч болно. Хулан эгч “Эмч болоход эхлээд эхийн сэтгэлд суралцах хэрэгтэй. Үүнд суралцаж чадвал, энэ мэргэжлийг сайн эзэмшиж чадна” гэсэн нь бидэнд их сургамжтай байлаа. Миний бичсэн захиа ээжид минь очихгүй ч өөр хэн нэгний ээжийг баярлуулна гэж бодож байна.
Лекцэнд ирсэн ахмад багш Л.Бямбасүрэн:
   Манай залуус их соёлтой, боловсролтой болжээ. Цаг гаран үргэлжилсэн лекцийг хүлээцтэй сонсож суугаад зарим нь зогсоогоороо сонсож байгаа харагдсан. Лекцэнд зорьж ирээд, ээж нартаа захиа бичих залуусыг харах сайхан байна. Энэ ажлыг зохиосон төслийн хамт олонд баярлалаа. Ээж минь бурханы оронд одсон ч миний бичсэн захиа өөр нэгэн ээжид жаахан үрийг нь санагдуулах биз ээ. Ертөнцийн ээжүүд ялгаа юу байх вэ.   
      Их дүйчсэн өдрийн түүх нь бурхан багшийн эх Махамаяа таалал бариад, тэнгэрийн оронд очжээ. Тэрбээр эхийнхээ төрлийг дээшлүүлэх тухай 3 сар хайлан хурж, номоо номлож, эхийнхээ төрлийг дээшлүүлэн бодьсадваа болгон,  энэ өдөр замбативдээ буцан заларсан гэдэг. Энэ өдөр хүн бүр эхийнхээ ачийг хариулахад аль чадахаараа хичээж, эхийгээ баярлуулан, асран өргөвөөс тэрхүү хураасан буян нь хэдэн мянга дахин арвиждаг сайн өдөр. Бурханы шашинт орнууд энэ өдрийг өргөн тэмдэглэсээр иржээ.   

     Энэ сайхан өдөр хүүгээсээ, охиноосоо хайрын захиа авсан мянган ижий бурхад лав магнай тэнийн баярласан байх аа. 
                                                                                                                                            2014.11.10

No comments:

Post a Comment