Ёс
суртахуун – Хүн төрөлд суралцахуй
“Ёс суртахуун нь хэзээд хүний
тухай асуудлын хариу байдаг”
/Италийн философич Н.Аббаньяно /
/Италийн философич Н.Аббаньяно /
Та энэ бичвэрийг уншиж байгаа бол хүн төрлийн нэг бололтой.
Миний цааш бичих зүйлс зөвхөн хүмүүст л
хамаатай.
Орчин нөхцөл
гэдэг амьд биетийн оршихуйг бүтээдэг юм шиг ээ. Хээрийн хөх яргуйг тасалгааны
вааран саванд ургуулах, талын саарал чоныг
сараалжин торонд өсгөлөө гэхэд яавч төрөлдөө нийцэхгүйн лав. “Хүн бол нийгмийн
амьтан”. Нийгмээс ангид хүн бол бурхан эсвэл буг чөтгөр гэдэг. Хүн төрөлд мэндэллээ
гээд хүн болчихдоггүй, үүнд төрсөн цагаасаа эхлэн суралцаж, төлөвшдөг байна.
Нийгмийн ухамсарын хамгийн эртний хэлбэр нь
ёс суртахуун бөгөөд эхэн үедээ дадал заншил дээр тулгуурлан дэг журмыг тогтоох
хэрэгсэл болжээ. Улмаар нийгмийн амьдралын үйл явцыг зохицуулах ухамсарт
үйлдлүүдийн нэгдэл болж “Ёс зүй” хэмээх шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Ёс зүйн
үндсэн судлагдахуун нь ёс суртахуун бөгөөд “хүний нийгэмд болон бусад хүмүүст
хандах харилцаан дахь үүргүүдийг тодорхойлдог зан байдлын дүрэм горим , хэм
хэмжээний тогтолцоо” хэмээн тодорхойлжээ. Бүхий л цаг үеийн сэтгэгчдийн хөндөж,
сөхдөг сэдвүүдийн нэг нь ёс суртахуун бөгөөд
өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж ирсэн байдаг. Онол , дадлагын хувьд
ихээхэн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд тодорхойлсон гүн ухаантан бол И.Кант
юм. Түүний ёс суртахууны философи сургаалын гол цөм нь “Бид бусадтай, бусад маань бидэнтэй хэрхэн харьцахыг хүсч
байгаатай адил харьцах ёстой” гэсэн
санаанд агуулагдана. Улс орон бүрийн соёл, зан үйл, аж ахуй ,уламжлалаас шалтгаалан ёс
суртахууны үнэлэмж өөр, өөр байдаг.
“Их
нүүдлийн хөлд үргэдэж гээгдээгүй хүн чанар, ёс заншил минь бидний тусгаар
тогтнол .”
Монголын ард
түмэн эртнээс ёс суртахууны өндөр хүмүүжил, төлөвшилтэй байсан. Түүхийн хатуу,
зөөлөн хосолсон аль ч цаг үе, нийгмийн нөхцөлд өвгөдийн сургаалыг зам чигээ
болгож өнө удаан оршин тогтносон гэж хэлж болно. Дэлхийг донсолгосон их аян
дайн, Манжийн эзлэн түрэмгийлэл, үзэл сурталын хүйтэн дайн аль алиныг нь туулан
гарсан түүх биднийх.
Ёс суртахууны
илэрхийлэлээр нь :
-
Ардын аман зохиол
-
Монгол сэтгэгчдийн сургаал
-
Гэрийн сургаал
-
Шашны сургаал
-
Эрх зүйн сургаал гэж ангилдаг.
Монголчуудын ёс суртахууны үнэт чанар нь
сургаал юм. Сургаал нь агуулгын хувьд журманд оруулах, төлөвшүүлэх гэсэн ёс суртахууны
зорилгыг дотроо агуулдаг бөгөөд ардын аман зохиолын хэлбэрээр илэрнэ. Ардын
аман зохиол нь зөвхөн үгийн урлагийн үүрэг бүхий уран сайхны зориулалттай төдий
биш, гүн ухаан, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлж танин мэдүүлэх, хүмүүжүүлэх
үүрэгтэй. Ардын хүмүүжүүлэх арга ухаан зөвхөн сургаалаар хязгаарлагдахгүй. Аж
ахуйн соёл, заншил гээд бүх зүйлдээ ёс
суртахууны сургаалаа нэвт шингээсэн байдаг.
Монголын гүн
ухаантнуудын ёс суртахууны тухай ойлголт, үнэлэмжүүдийн талаар жишээ дурьдвал:
То ван буюу Тогтохтөр – Ёс журмыг хүндэтгэх гэдэг ойлголттой буян, нүглийн
тухай ойлголтыг холбон тайлбарлажээ. “Ахас ихэсийг хүндлэх, түүний үг зааврыг
ёсчлон биелүүлэхийг буян гэдэг. Харин ахас ихэсийн үг сургаалыг хэрэгсэхгүй
эсэргүүцэх тэмцэхийг нүгэл гэнэ”
XIX-XX зууны монголын нийгэм улс төр, гүн ухааны сэтгэлгээний
томоохон төлөөлөгч Дэмчигдорж “
Гэрийн сургаалаар олгогдсон ёс суртахууны хүмүүжил нь нийгмийн ёс суртахууны
шинж байдлыг тодорхойлно. Журамтай амьдрахын эх үндэс нь ёс журмыг мэдэх
явдал”
Монголын соён
гэгээрүүлэгч Данзанравжаа: “Нийгэмд
оршиж буй гай зовлон, алдаа дутагдлыг ангаахын тулд хүмүүсийн ёс суртахууныг
төгөлдөржүүлэх хэрэгтэй”
Мөн ард иргэдийн хоорондын харилцааг
зохицуулах зорилгоор сургаалын шинжтэй бичигдсэн заалтуудыг түүхэн онцлогт
тааруулан ёс зүйн хэм хэмжээг тогтоож байсан баримтууд байдаг. Үүнд: Их засаг
хууль, Монгол- Ойрд цаазын бичиг, Халх журам багтана. Гэхдээ энэ хууль журам,
өнөөгийн монголын Үндсэн хуулиас илүү хүнлэг энэрэнгүйн зарчмыг баримталсан нь амьдралд
наалдацтай байсан гэж ажиглагддаг. Хууль цаазын бичгүүд нь тэгш ёсонд бус хүн ёсонд тулгуурлан бичигдсэн
байдаг нь эмх журам, энх тайванг тогтооход дөхөм болсон юм уу даа. Саяхан сэтгүүлч Д.Төрмөнх “Ёс суртахууны хамгийн доод хэмжүүр
бол хууль байдаг. Ёс суртахуунтай хүнд хууль огтоос ч хэрэггүй” гэсэн нь
өнөөгийн хуулийг шүүмжилсний илрэл байх аа.
“Зүйл
зүйлээр тэгш бусыг нь ёс суртахууны өндөр дээд ухамсар нь нөхдөг”
Ёс суртахуун
бол ёс зүйн онолын хувьд субьектив шинж бөгөөд түүний обьектив илрэл нь зан
суртахуун юм. Хялбараар тайлбарлавал ёс зүйн ухамсар нь гадагш
илрэхдээ харилцаа, үйл хөдлөлөөр дамжуулан зан авирыг тодорхойлдог гэсэн үг.
Харилцааны явцад оюуны хэрэгцээ, ёс суртахуун, гоо сайхны мэдрэмж бий болж зан
төлөв бүрэлдэн тогтдог. Энэ төлөвшсөн ухамсар нь амьдралынх нь туршид үйл хөлдөлийг
зааж чиглүүлдэг байна. Харилцаанаас гадуур бие хүн төлөвших боломжгүй гэдгийг
ухаант өвгөд маань эртнээс танин мэдсэний дүнд харилцааны эхлэл мэндлэх ёсыг
чухалчилсаар иржээ. Гэтэл “Өнөөгийн залуусын
харилцааны соёлд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын материалыг
үзээд цочирдмоор тоо баримтыг харлаа. Залуусын 78 хувь нь уламжлалт
мэндчилгээний үгсийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй бөгөөд мэддэггүй гэсэн
судалгааны дүн гарсан байсан.
Хуйлмал цаасан
дээр бичвээс төгсгөл үл үзэх, ёс зүйн сургаалын энэ хур хөрөнгө ирээдүй хойч
болсон залууст маань өвлөгдөн үлдэж байна уу гэдэг миний санааг ихээхэн зовоож
байна. Сургуулиасаа холгүй ухаанаа алдталаа согтсон арван жилийн охид, аав
шигээ насны хүнээс гал асууж тамхилах хөвгүүд, нэгнээ машинд дайруулан газар
унахад урдах ажлаа бодон хэнэгч үгүй өнгөрөх хүмүүс гээд өдөр тутамдаа ёс
суртахууны ухамсарын доройтолтой залуустай элсний тоогоор тааралддаг. Тэнд ёс суртахуунтай бай гэсний төлөө хувь
хүний эрх чөлөө, хүсэл сонирхолд халдсан хэрэгт унах нь бий. Тийм ээ бид эрх
чөлөөг бус эрхийн балайг эдэлж байна.
Аль ч цаг үед
нийгмийн золиос байдаг гэж уншиж байсан санагдана. Бидний хүнлэг , энэрэнгүй
ардчилсан нийгмийн золиос нь эрх нь дэндсэн хүүхэд залуучууд минь юм биш биз!
“Хүний ёсноос
гажаагүй бол” зохиолдоо Э.Богат “Охид хөвгүүдийн
биеийн түргэн хөгжлийн үед ердийн витаминууд үлэмж хэрэгтэй байдгийн адил үлэмж
хэмжээний “Ё” витамин /ёс суртахууны амин
дэм/ дутагдсан байдаг нь гүнзгий
шинжилгээ судалгаа хийхийн хэрэггүй тодорхой байгаа юм” гэжээ.
Ёс суртахуун гэдэг
хүнд л хамааралтай бөгөөд хүн өөрийгөө хайрладаг шигээ бусдад хандах явдал юм.
No comments:
Post a Comment